Монгол нэртэй хятад ногоог ялгаж сурцгаая…

1. Авах гэж буй ногоог монголд ургасан гэх ямар баталгаа байгааг асуух хэрэгтэй. Орчин үед ихэнх тариаланчид өөрсдийн талбайн болоод ургацын зурагтай болсон байгаа.

2. Ургамлын гарал үүслийг тодорхойлсон дэвтэр тариаланчдад байдаг бөгөөд улсаас “ТАРИАЛАНЧ” гэж батлаж тодорхойлсон тамга бас бий. Тиймээс худалдаачдаас эдгээр баримтыг зургийн хамт үзэж болох уу гэж асуугаарай. Энэ зурагт байгаа сармис бол монголд нийтлэг байгаа сүлжээтэй хятад сармис бөгөөд мөн цайвар ягаан туяатай хятад сармис бий. Улиастай сортын сармис бол тод нил ягаан өнгөтэй байдаг.

3. Элдэв зураг, бичиг баримтыг сүйхээтэй наймаачин хаанаас бол хаанаас олж чадна. Тийм болохоор та бүхэн өөрсдөө тухайн ургамлыг гадаад дүр байдал, амт шимтээр нь ялгаж сурах нь чухал юм. Хятад сармис бүхэн аагигүй гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь хятад ногоо нь хүний биед хорт хавдар, элдэв өвчин үүсгэгч хор, бордоо ашигласан, зориулалтын бус орчинд хадгалсанд л гол гологдох шалтгаан нь байдаг.

4. Хэрэв сармисыг ногоо дарах юм уу, жижиглэж татаад шилэнд хадгалахад ногоон, цэнхэр өнгөтэй болж байвал энэ нь пестицид, гербицидийн үлдэгдэл юм уу хөгц, мөөгөнцөртэй газар хадгалснаас болж үүсдэг шинж тэмдэг юм.

Хүмүүс яах гэж монгол ногоог илүү өндөр үнээр худалдаж авдаг вэ?Мэдээж эрүүл хүнс хэрэглэж, үр хүүхдээ элдэв өвчин тусгахгүй гэж. Монгол ногоо тэгвэл яагаад үнэтэй байдаг вэ? Тариаланчид их зардлаар бага ургац авдаг учраас орлого, зарлагын тэнцвэр алдагдсанаас тийм зүйл болдог. Дээр нь дундын ченж болон жижиглэнгийн худалдаачдын хөөрөгдсөн үнэ нэмэгддэг. Тэд бол тариа ногоо тарьдаг хүмүүсээс илүү орлогыг зөвхөн түрээсийн зардал гаргаад олдог хүмүүс. Тэгсэн атлаа Барс, Алтжин Бөмбөгөр, Баянзүрх, Хүчит шонхор, Хархорин, Нарантуул зэрэг бүх худалдааны төвд хятад сармисыг тэд монгол сармис гэж хэлээд кг нь 20-25 мянган төгрөгөөр зарж байна.
Ингэхдээ монгол сортын сармис, улиастай сортын үрээр сэлэнгэд тарьсан сармис зэрэг янз бүрийн хуурамч тодотгол хэрэглэнэ. Байтлаа бүр “Монгол сортын өргөст хэмх” гээчийг худалдаачид нээж гаргасан байна. Хуулинд зааснаар сорт гэдэг бол селекцийн аргаар гаргаж авсан, нэг гарал үүсэлтэй, тогтвортой ургах ургамлыг хэлдэг бөгөөд улсын эрдэм шинжилгээний газрууд 6-10 жилийн туршилтын дүнд гаргадаг. Одоогоор монгол нэртэй ямар ч сортын ургамал дэлхийд байхгүй билээ.

Нөгөө талаар зарим томоохон хэмжээний тариалангийн компани “Монгол сармис” гэж хүчтэй сурталчлан борлуулж буй сармис бий. Хэдийгээр түүнийг Сэлэнгэд тарьсан нь үнэн боловч эх үр нь манжуураас гаралтай. Тийм ч учраас монголд нутагшсан бусад сармисыг бодоход хумсны тоо цөөн, хадгалалт даах чадвар муу байна.
Сүүлд нь хэлэхэд хятад, монголын алинд ч сайн, муу юм бүгд бий. Тэр болгоныг бодолцож, тогтсон нэг тариаланчаас худалдан авалт хийдэг байх нь хамгийн аюулгүй сонголт юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!