Сайн моринд байх таван шинжийг өгүүлэв

Сайн моринд байх шинж: Нүд нь ширүүн харцтай болон уулинхай бөхгөр, шөрмөс нь сэртгэр, цээж нь нимгэн хатуу, магнай нь зузаан, бэрэвхий нь богино, хойд туурай нь моголцог урт, шөрмөс нь хийтэй далиу, өргөн өндөр аман хүзүү бүдүүн, толгойн мах хатингар, олон ясны уулзуур агуу, сүвээний хавирга матаастай тэлүү, ташаа цухал, хас нь дүүрэн, салтаа агуу, зоо нуруу нь бөгтрөгтэй, хөл нь эрс шудрага, хүзүү нь нарийн урт, сүүл нь эрчтэй хатуу, бөгс хатингар, эдгээр шинж цөм бүрдвэл түмэн мянгад ганц торох түрвэхгүй ганцаар түрүүлэх эрхэм сайн морь буй.
Бас сайн морь олон адуунд байхад тарган цатгаланд нь үзвэл дээр гурван овоо тэгш, доор идэх бумба мэт, чих нь дэлэндээ үл дарагдах, хөхөл нь шингэн нүдэндээ үл хүрэх, доод уруулаас дээд уруул элбэг илүү, урд туурайгаас хойд туурай их, хүнийг угтаж харах, ийм бол лавтай сайн морь буй.
Бас сайн морь холоос харахад урд хөлөө хойшоо шаасан гадас мэт тун шударга гишгэн зогсож байвал эрхэм морь буй.
Их ч бага ч гэгч морины хэлбэр нь: Дөрвөн хөл бэх бөгөөд сайхан муухай ч болов хүзүү нь урт дөрвөн цогц сэтэрхий, хоёр сүвээ тулсан, дөрвөн хөлдөө нэвт эргүүлтэй, дөрвөн шүд гарсан энэ таван шинж төгссөн бол хүлэгт ойр буй.
Бас хүний хэл мэддэг зүр хүлгийн хэлбэр: Бяцхан толгойтой, шовх хошуутай, дэл сүүл шингэн болон их гуятай бөгөөд ганцаар явахдаа хашин. Энэ морь унаган цагтаа нар шингэтэл хэвтэхгүй буй.

Эх сурвалж: Адуун өв соёл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!